Таны мэдлэгт

АЖИЛТАН БОЛ ЯГ ХҮҮХЭД ШИГ хэмээх сэдвийг уншаад дотроо 100% хүлээн зөвшөөрч суулаа. Тэгээд ажил дээр минь гарсан нэг асуудал санаанд орж ирсэн юм. 2013 онд би уул уурхайн нэгэн компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг байлаа. Тэр үед манай ажилчид УБ мэргэжилтнүүд, орон нутгийн өмнө нь дийлэнхи нь малчин байсан хүмүүс анх удаа компанид ажиллаж байгаа ажилтнууд болон гадаад мэргэжилтнүүд гэсэн 3 төрлийн хүмүүсээс бүрдсэн нийт 400 гаруй ажилтнуудтай байв. Эдгээр 3 өөр төрлийн хүмүүс хоорондоо ур чадвар, мэдлэг туршлага, түүнчлэн соёлын ялгаатай тул үл ойлголцох зөрчлүүд гардаг байсан үе. Учир нь орон нутгийн иргэд бидний газар нутгийн шорооноос ашиг хүртдэг байж, бидний хийж байгаа ажил доод зэрэглэлийнх, цалин хөлс ч УБ болон гадны хүмүүсээс бага гэж гомдоллодог, заримдаа бүр ажил хаялт хийдэг байсан юм. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтний хувьд эдгээр 3 төрлийн хамт олныг холбох гүүр болж ажиллах шаардлага тулгарч байсан ба удирдлагууд ч мөн хэлэлцээд тохиролцоод хүрэхгүй үе байсан. Энэ үед би тэднийг урт удаан үргэлжилсэн хэлэлцээрийн үед маш сайн сонссон бөгөөд тэд гомдолоо хэлж дуусаад тайвширч байхыг ажигласан юм. Энэ нь яг л хүүхэд шиг тэд ээж, аавынхаа анхаарлыг татахын тулд яаж хашгирч, өөрсдийн аргаа хэрэглэдгийг эцэг, эх хүн бүр л мэддэг. Үүний дараа нөхцөл байдлыг тайлбарлаж, ур чадвараа сайжруулж, УБ-ын ажилтнуудаас суралцаж, ажил дээрээ дадлагажсаны дараа албан тушаал ахиж, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ойлгуулж, компанийн зүгээс ч дэмжиж хамтран ажилласны эцэст тэр бүх асуудал ард хоцорсон юм. Тэгэхээр ямар ч түвшний удирдлага байсан ажилтнаа маш сайн сонсох чадвартай байх ёстой ба ажилтанд тухайн гомдоллоод байгаа асуудал шийдэгдэхгүй байсан ч тэд дуу хоолойгоо сонсгох хэрэгцээ байдгыг л ойлгох нь чухал юм. Тэд чинь хүн л болсон хойно компаний нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа шүү.

 

 

Ц.Саран-Эрдэнэ




Буцах